“ИНТЕРНЭТ БАНКНЫ - ҮЙЛЧИЛГЭЭ” ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү Интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ(цаашид“ гэрээ” гэх) - г Монгол Улсын Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн нэг талаас Голомт банк(цаашид“ Банк” гэх), нөгөө талаас“ Онлайнаар харилцагчаар бүртгүүлэх үйлчилгээ” авахаар хүсэлт гаргасан харилцагч(цаашид“ Харилцагч”, хамтад нь“ Талууд” гэх) нар нь дараах нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулав.

1.2.Энэхүү гэрээний зорилго нь Банк харилцагчийн хүсэлтээр түүний дансанд интернэт банкны үйлчилгээний эрх нээх, харилцагч интернет банкаар дамжуулан үйлчилгээ авах, зохих төлбөрийг төлөхтэй холбогдон Талуудын хооронд үүсэх харилцаа, тэдгээрийн эрх, үүргийг зохицуулахад оршино.

Хоёр.Интернэт банкны үйлчилгээ

2.1.Банк нь Онлайнаар харилцагчаар бүртгүүлж байгаа иргэнд интернэт банкны үйлчилгээний“ Хязгаарлагдмал” төрлийн эрхийг олгож, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлнэ.

2.1.1. Өдөрт хийгдэх гүйлгээний дээд хязгаар нь 500, 000 төгрөг байх бөгөөд уг хязгаар нь суваг тус бүрээр ялгаатай байна.

2.1.1.1.Интернэт банк сувгаар 200, 000 төгрөг хүртэлх гүйлгээ хийх боломжтой;

2.1.1.2.Смарт банк сувгаар 200, 000 төгрөг хүртэлх гүйлгээ хийх боломжтой;

2.1.1.3.Сошиал Пэй сувгаар 100, 000 төгрөг хүртэлх гүйлгээ хийх боломжтой;

2.1.2. Харилцагч нь зөвхөн Голомтын данс хооронд гүйлгээ хийх эрхтэй байна.

2.1.3. Мөн интернэт банкны зарим төрлийн үйлчилгээг ашиглах боломжгүй байх бөгөөд өөрийн биеэр салбар нэгжид ирж, хүсэлт тавьснаар эрхээ нэмэгдүүлэх боломжтой байна.

2.2.Энэхүү гэрээний 2.1 - т заасан эрхийн хүрээнд хамаарах үйлчилгээний боломж болон Банкны үйлчилгээний тариф, хүү шимтгэлийн нөхцөлүүд нь Банкны тухайн үеийн“ Банкны үйлчилгээний тариф, хүү шимтгэлийн Ерөнхий нөхцөл” - өөр тодорхойлогдох бөгөөд“ Ерөнхий нөхцөл” өөрчлөгдөж болохыг Талууд харилцан зөвшөөрөв.

2.3.Банк нь хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг системээс авто үүсгэх ба Харилцагчийн банкинд бүртгүүлсэн баталгаат и - мэйл хаяг руу илгээнэ.

2.4.Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг, и - код зэрэг нь Харилцагчийн банкин дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахад хэрэглэгдэх албан ёсны баталгаат гарын үсгийн маягтын адил хүчин төгөлдөр байна.

2.5.Харилцагч нь хэрэглэгчийн нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг, и - код зэргийг ашиглан интернэт банкны үйлчилгээгээр гүйлгээ хийх тохиолдолд Банк Харилцагчийн данснаас уг гүйлгээний дүнгээр төлбөр тооцоог гүйцэтгэхийг Талууд харилцан зөвшөөрөв.

2.6.Харилцагчийн одоо ашиглаж байгаа болон цаашид нээх бүх данс интернет банкны үйлчилгээнд автоматаар нэмэгдэнэ.

2.7.Интернэт банкны үйлчилгээний“ Хязгаарлагдмал” эрхтэй харилцагчийн хувьд энэхүү гэрээ нь хугацаагүй байна.

2.8.Харилцагч Интернэт банкны үйлчилгээндээ нэвтрээгүй 6 сар болсон тохиолдолд Банк нэг талын санаачилгаар харилцагчийн интернэт банкны үйлчилгээний эрхийг идэвхгүй болгоно.

2.9.Хоёр өөр валютын дансны хооронд хийгдэх гүйлгээ нь тухайн үед Банкнаас мөрдөж буй бэлэн бус гүйлгээний ханшаар хийгдэнэ.

2.10.Интернет банкны үйлчилгээ нь 24 / 7 цагийн горимтой ба системд өөрчлөлт хийх, Монгол улсын хуулийн дагуу амрах баярын өдрүүдийн цагийн хуваарийн зохицуулалт зэрэг шаардлагатай тохиолдолд Банкны цахим хуудас, интернет банкны үйлчилгээний нүүр хуудас зэргээр энэ тухай мэдээллэж байна.

Гурав.Талуудын эрх, үүрэг

3.1.Банк дараах үүргийг хүлээнэ.Үүнд:

3.1.1. Харилцагчийн данс болон гүйлгээний талаарх мэдээллийг Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд үл задруулах, нууцлалыг хадгалах;

3.1.2. Гэрээ байгуулах үед байсан нөхцөл, байдал(үүнд: эрхийн хүрээнд хамаарах үйлчилгээний боломжууд нэмэгдэх, хасагдах, “Ерөнхий нөхцөл” - д өөрчлөлт орох зэрэг) өөрчлөгдсөн бол Харилцагчид энэ тухай мэдэгдэх;

3.1.3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, үл маргах журмаар Татварын байгууллагаас ирүүлсэн мэдэгдэл зэрэг хуульд зааснаас бусад тохиолдолд Харилцагчийн данснаас түүний зөвшөөрөлгүйгээр аливаа зарлагын гүйлгээ хийхгүй байх;

3.1.4. Интернэт банкны үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг ирснээс хойш ажлын нэг өдөрт багтаан бүртгэн, ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх; Хоёр буюу түүнээс дээш дамжлагаар шийдвэрлэгдэх, бусад хугацаа шаардсан өргөдөл, гомдлын хариуг хуулийн хугацаа буюу 30 хүртэл хоногт багтаан шийдвэрлэж хариуг мэдэгдэх;

3.2.Банк дараах эрх эдэлнэ.Үүнд

3.2.1. Интернэт банкаар хийсэн гүйлгээний шимтгэл, хураамжийг Харилцагчийн данснаас“ Ерөнхий нөхцөл” - д заасны дагуу суутган авах;

3.2.2. Харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгө нь гүйлгээний дүн болон Банкны үйлчилгээний шимтгэл, хураамж, дансны доод үлдэгдлийн нийлбэрт хүрэлцэхгүй тохиолдолд гүйлгээг хийхээс татгалзах;

3.2.3. Энэ гэрээнд болон хуульд заасан тохиолдолд эсхүл заагаагүй боловч Харилцагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс шаардлагатай тохиолдолд интернэт банкны үйлчилгээг зогсоох;

3.2.4. Өөрийн үйлчилгээний“ Ерөнхий нөхцөл” - д өөрчлөлт оруулах;

3.2.5. Харилцагчийн эрх ашгийг хамгаалах, интернэт банкны аюулгүй байдлыг хангах, эрсдлийг зохистой удирдах үүднээс интернэт банкны үйлчилгээний тухайн эрхийн төрөлд хамаарах үйлчилгээний боломжууд болон гүйлгээний нэг өдөрт хийгдэх эрхийн хязгаарыг нэмэгдүүлэх эсхүл хорогдуулах;

3.2.6. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Харилцагчаас шаардах; 3.2.7. Энэ гэрээ болон хуульд заасан бусад эрхтэй.

3.3.Харилцагч дараах үүрэг хүлээнэ.Үүнд:

3.3.1. Энэхүү гэрээ болон Банкны цахим хуудсаар мэдээлэгдсэн“ Ерөнхий нөхцөл”, төлбөр тооцооны цагийн хуваарь, санамж, заавар, хүсэлт, сонголтууд болон бусад мэдээллүүдтэй нарийвчлан, бүрэн танилцаж, шаардлагатай тохиолдолд банкны ажилтнаас нэмэлт мэдээлэл авах, эдгээр материал, мэдээлэл болон энэхүү гэрээнд нийцүүлэн үйлчилгээг авах;

3.3.2. Интернэт банкны үйлчилгээ авах анхны оролдлогоор Банкнаас өгсөн нууц үгийг солих;

3.3.3. Нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг, и - код зэрэг нууцлалын мэдээллүүдийг бусдад дамжуулахгүй байх, нууцлалыг чандлан хадгалж, задруулахгүй байх талаар шаардлагатай арга хэмжээг авах;

3.3.4. Гүйлгээний нууц үгээр баталгаажуулсан аливаа үйлдэлд хариуцлага хүлээх;

3.3.5. Өөрийн ашиглаж буй компьютер, сүлжээ, гар утас зэрэг төхөөрөмжүүдийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангаж ажиллах;

3.3.6. Интернэт банкаар хийсэн гүйлгээ бүрийг дансны хуулгатай тухай бүр тулгаж шалгах;

3.3.7. Интернэт банкаар гүйлгээ хийхдээ гүйлгээний мэдээллийг үнэн зөв оруулан, нягталж шалгасны үндсэнд гүйлгээг хийх;

3.3.8. Өөрийн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр Банкинд мэдэгдэн өөрчлөлтийг тэмдэглүүлэх;

3.3.9. Нэвтрэх нэр, нууц үгээ бусдад алдахгүй байх, ямар нэг шалтгаанаар бусдад алдсан бол нэн даруй Банкинд мэдэгдэх;

3.3.10. Интернет банкны үйлчилгээг хэрэглэсний дараа системээс гарах үйлдлийг хийх үүрэгтэй;

3.3.11. Нэвтрэх нууц үг болон гүйлгээний нууц үг нь хоорондоо ялгаатай, үсэг болон тоогоор илэрхийлэгдсэн 8 - 28 тэмдэгт бүхий үг байх шаардлагатай бөгөөд харилцагч эдгээр нууц үгнүүдийг шинээр тохируулан авснаас хойш 6 сар тутамд шинэчлэх үүрэгтэй;

3.3.12. Харилцагч нэвтрэх нууц үг болон гүйлгээний нууц үгийг Интернэт банкны үйлчилгээгээ ашиглан хэдэн ч удаа шинэчлэх боломжтой бөгөөд 1 жил тутамд шинэчлээгүй тохиолдолд Интернэт банкны үйлчилгээний эрх түр идэвхгүй болно.

3.3.13. Харилцагч нь интернэт банкны нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг, и - код зэрэг нууцлалын мэдээллээ алдсан тохиолдолд 1800 - 1646, ажлын өдрүүдээр утас: 70111646 / 9904 / , факс: 324535, И - мэйл: internetbank@ golomtbank.com хаягаар Банкинд хандаж үйлчилгээний эрхийг түр хаалгана.Ийнхүү мэдэгдээгүйн улмаас үүсэн гарах аливаа хохирлыг Банк хариуцахгүй.

3.3.14. Харилцагч нь нэвтрэх нууц үгээ мартсан, тэдгээрийн нууцлалыг алдсан, нууц үгээ 5 - аас дээш удаа буруу оруулж нэвтрэх эрхээ автоматаар цуцлуулсан зэрэг шалтгаанаар нууц үг дахин авах бол www.egolomt.mn цахим хуудасны холбогдох цэсээр авах эсхүл цахим үнэмлэх, гадаад паспорт зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн банкинд биеэр хандаж авна.

3.4.Харилцагч дараах эрх эдэлнэ.Үүнд:

3.4.1. Өөрийн хүсэлтээр интернэт банкны эрхийг түр хаалгах, гэрээг цуцлах санал гаргах;

3.4.2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Банкнаас шаардах;

3.4.3. Гүйлгээний баримт, хуулгыг Банкнаас гаргуулан авах;

3.4.4. Интернэт банкны үйлчилгээ ашиглаж хийсэн төлбөр тооцоог Голомт банкны дурын салбар, тооцооны төвөөс баталгаажуулан авах;

3.4.5. Хэрэв шаардлагатай гэж үзвэл интернэт банкаар хийсэн гүйлгээг Банкинд хандаж, шалгуулах;

3.4.6. Энэ гэрээ болон хуульд заасан бусад эрх.

Дөрөв.Хариуцлага

4.1.Харилцагчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан дараах зүйлс дээр банк хариуцлага хүлээхгүй:

4.1.1. Харилцагч нь интернэт банкны үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ гэрээгээр хүлээсэн үүрэг, тавигдаж буй шаардлага, нөхцөл, олгосон болон зарласан зааврыг мөрдөөгүйгээс үүдэн гарах аливаа хохирол;

4.1.2. Харилцагчийн ашиглаж буй компьютер нь сүлжээний болон бусад вирусээс шалтгаалан гэмтэх, компьютерийн хүчин чадал болон бусад техникийн шалтгаан зэргээс үүдэн Харилцагчид учирсан интернэт банкны үйлчилгээтэй холбоотой хохирол;

4.1.3. Харилцагчийн интернэт сүлжээний саатал болон хурднаас болж хийгдээгүй шилжүүлэг түүнээс үүдэн гарах аливаа хохирол;

4.1.4. Гүйлгээний мэдээллийг буруу оруулж гүйлгээ хийсний улмаас Харилцагчид үүссэн хохирол;

4.1.5. Харилцагчийн тохируулсан захиалгат гүйлгээ нь дансны үлдэгдэл хүрэлцэхгүй, гүйлгээний хэмжээ нь харилцагчийн 1 өдөрт хийгдэх гүйлгээний хязгаарлалтаас давсан, харилцагчийн данстай холбоотой банкнаас тавьсан аливаа хязгаарлалт гэх мэт шалтгаанаар захиалгат өдрийн гүйлгээний цагт гүйцэтгэгдэх боломжгүй тохиолдолд гүйлгээ хийгдээгүйн улмаас үүдэн гарах аливаа хохирол;

4.2.Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг, и - код зэрэг үйлчилгээнд нэвтрэх нууцлалын мэдээллийг харилцагч нь чанд хадгалах ба бусдад алдсан болон бусдад шилжүүлсний улмаас учирсан аливаа хохирлыг Харилцагч өөрөө бүрэн хариуцна.

4.3.Интернэт банкны үйлчилгээтэй холбоотой санаатай болон санамсаргүй үйлдлээр хийсэн бүхий л үйлдлийн үр дүнг бүрэн хариуцах ба үүнээс үүдэн банк болон гуравдагч талд аливаа хохирол учирвал холбогдох талуудын өмнө бүрэн хариуцна.

4.4.Харилцагч нь энэхүү гэрээ болон хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Банкинд учирсан хохирлыг үл маргах журмаар, бүрэн хариуцан арилгах үүрэгтэй.

Тав.Давагдашгүй хүчин зүйл

5.1.Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас / дайн, байлдаан, үймээн самуун болох, гал түймэр гарах, газар хөдлөх, үер болох зэрэг урьдаас төлөвлөх боломжгүй тохиолдлууд / интернэт банкны үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон тохиолдолд үйлчилгээг түр зогсоож болох бөгөөд ийнхүү үйлчилгээг түр зогсоосноос учирсан хохирлыг Банк хариуцахгүй.

5.2.Харилцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан Банк гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй бол энэ гэрээнд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Зургаа.Бусад

6.1.Гэрээ нь Харилцагч Онлайнаар харилцагчаар бүртгүүлэх үйлчилгээнд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд өөрийн биеэр салбар нэгжид очиж эрхээ нэмэгдүүлсэнээр дуусгавар болно.

6.2.Банкны цахим хуудсаар мэдээлэгдсэн“ Ерөнхий нөхцөл”, төлбөр тооцооны цагийн хуваарь, заавар, хүсэлт, сонголтууд болон бусад мэдээллүүд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн.

6.3.Банк нь тухайлсан харилцагчийн нууцад үл хамаарах, интернэт банкны үйлчилгээний нөхцөл, зохицуулалт зэрэг нийтэд хамаарах мэдээллийг өөрийн цахим хуудсанд байршуулсан нь уг мэдээллийг харилцагчид хүргүүлсэнд тооцогдоно.

6.4.Энэхүү гэрээгээр зохицуулагдаагүй асуудал нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана.

ГОЛОМТ БАНК