Social Pay үйлчилгээний нөхцөл

Танд энэ өдрийн мэндийг хүргэж, SocialPay үйлчилгээг сонгон үйлчлүүлж буйд талархал илэрхийлье. Цаашид та SocialPay үйлчилгээг ашиглахдаа дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

1. Та өөрийн Facebook, Twitter, И-мэйл хаяг, Утасны дугаар зэрэг сувгуудад бүртгэлтэй найзуудынхаа жагсаалтыг ашиглан гүйлгээ хийх боломжтой.
1.1. Үйлчилгээний хураамж 0 төгрөг
1.2. Гүйлгээний шимтгэл 0 төгрөг
2. Гүйлгээг зөвхөн төгрөгөөр хийх ба 1 өдөрт хийх гүйлгээний дээд хэмжээ 1 сая төгрөг. Харин доод хэмжээ 100 төгрөг гэдгийг анхаарна уу. Хэрэв та онлайнаар харилцагчаар бүртгүүлсэн бол гүйлгээний дээд хэмжээ нь 100,000 төгрөг юм.
3. Та өөрийн харилцах эсвэл хугацаагүй хадгаламжийн төгрөгийн данснаас аль нэгийг нь сошиал данс болгон сонгох боломжтой. Сошиал данс гэдэг нь сошиал сувгуудаар мөнгө хүлээн авах болон шилжүүлэх дансыг хэлнэ.
4. Банк таны гүйлгээг 24/7 цагийн горимоор гүйцэтгэх тул хүлээн авагчийн мэдээллийг сайтар нягтална уу. Мэдээллийг шалгаагүйгээс үүсэх аливаа хариуцлагыг банк хариуцахгүй.
4.1. Хүлээн авагч Голомт банкинд бүртгэлтэй бол SocialPay аппликейшн эсвэл Интернэт банкны эрхээрээ дамжуулан таны илгээсэн мөнгийг хүлээн авах боломжтой.
4.2. Хэрэв хүлээн авагч Голомт банкинд бүртгэлгүй бол таны гүйлгээ 14 хоног хүлээлгийн горимд хадгалагдана.
4.3. Иймд тухайн хүлээн авагч юуны өмнө www.egolomt.mn сайт болон Social Pay аппликейшнаар дамжуулан Голомт банкны харилцагчаар бүртгүүлэх шаардлагатай. Улмаар Social Pay үйлчилгээнд харилцагчаар бүртгүүлснээр мөнгөө хүлээн авах боломжтой юм.
4.4. Хүлээлгийн хугацаанд хүлээн авагч мөнгөө аваагүй тохиолдолд тухайн гүйлгээ цуцлагдаж таны дансанд буцаж орно.
5. Мөнгө илгээх гүйлгээ хийхдээ 4 оронтой сошиал код эсвэл утсан дээр бүртгүүлсэн хурууны хээгээр баталгаажуулна.
6. SocialPay үйлчилгээний гэрээг таны интернэт банкинд нэвтрэх нэр, нэвтрэх нууц үгээр баталгаажуулан байгуулах бөгөөд энэ нь таны баталгаат гарын үсэгтэй адил хүчинтэйд тооцогдоно.
7. Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг, 4 оронтой сошиал код, хурууны хээ нь таны дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахад хэрэглэгдэх албан ёсны баталгаат гарын үсгийн маягтын адил хүчин төгөлдөр байна.
8. Харилцагч та SocialPay үйлчилгээнд нэвтрэх дээрх нууцлалын мэдээллийг чанд хадгалах үүрэгтэй бөгөөд хэрвээ тухайн сошиал код, хурууны хээгээр баталгаажсан гүйлгээ, бусдад алдсан, бусдад шилжүүлсний улмаас учирсан аливаа хохирлыг харилцагч өөрөө бүрэн хариуцна.
9. Өөрийн мэдээлэлд /ялангуяа утасны дугаар/ өөрчлөлт орсон тухай бүрт Social Pay аппликейшнаар дамжуулан мэдээллээ шинэчлэх шаардлагатай юм. Шинэчлэл хийгдээгүйн улмаас үүсэх аливаа хохирлыг банк хариуцахгүй.